Үр тогтолт
Жирэмслэлт  //  Сэтгэгдэлгүй   //   12787 Уншсан

Хүүхэд хэрхэн бий болдог вэ?
Хүүхэд хэрхэн бий болдог талаар та өөрийгөө мэддэг гэж бодож байж магадгүй. Гэвч та энэхүү түвэгтэй асуудлыг үнэхээр бүрэн мэддэг үү? Мэдээж та эрэгтэй эмэгтэй хоёр хүн уулзаж бэлгийн харьцаанд ордог тэгээд 10 сарын дараа хүүхэдтэй болдог гэсэн ерөнхий ойлголтой байж болно. Энэ бол төдийлэн хангалттай биш юм. Тухайлбал: Эр, эм бэлгийн эс хаана үүсч бий болдог вэ? Тэд хэрхэн нийлж шинэ амьдралыг бүтээдэг вэ? Эсвэл яагаад биений юмны мөчлөгийн дунд үед жирэмсэн болох магадлал хамгийн их байдаг вэ? зэрэг олон асуулт урган гарч ирдэг.

Эмэгтэй хүний биед өндгөн эс хэрхэн бий болдог вэ?
Эмэгтэй хүний нөхөн үржихүйн үндсэн эрхтнүүдийн нэг бол өндгөвч бөгөөд умайн хоёр талд байрлаж байдаг булчирхайлаг хос эрхтэн юм. Өндгөвчийг байнгын ажиллагаатай өндгөн эсийн агуулах гэж ойлгож болно. Дөнгөж төрсөн эмэгтэй хүүхэд болгонд нэг сая гаруй өндгөн эсийн эх үүсвэр агуулагдаж байдаг бөгөөд амьдралын явцад боловсрон гардаг. Эдгээр эсүүдийн ихэнх нь гүйцэт боловсорч чадалгүй мөхдөг. Эмэгтэй хүний биений юм ирж эхлэсэн үеэс цэвэршилт хүртэл 400 орчим өндгөн эс боловсорч гардаг байна.
Ихэвчэн биений юмны мөчлөгийн 12-16 дах хоногт хоёр өндгөвчний аль нэгнээс өндгөн эс боловсрон гарч гуурсан хоолой руу сорогдон ордог. Өндгөн эс боловсрон гарах үйл явцыг овуляц гэж нэрлэдэг бөгөөд энэ нь үр тогтох боломжийг нээж өгдөг. Өндгөн эс 24 цаг орчим л амьдардаг бөгөөд энэ хугацаанд умайн гуурсан хоолойн гүрвэлзэх хөдөлгөөний тусламжтайгаар умайн хөндий рүү явах замдаа эрүүл эр бэлгийн эстэй нийлвэл үр тогтож шинэ амьдралын эхлэл болдог. Харин энэ аялалын явцад эр бэлгийн эстэй таарахгүй бол үр тогтох боломжгүй болж мөхдөг байна. Хэрэв жирэмсэн болвол дааврын нөлөөгөөр өндгөвчинд дахин өндгөн эс боловсорч гадагшлах ажиллагаа түр хугацаагаар зогсдог.

Эрэгтэй хүний биед эр бэлгийн эс хэрхэн боловсордог вэ?
Хэдийгээр эмэгтэй хүний биед сар болгон нэг өндгөн эс аажим боловсрон гадагшилж байдаг бол эрэгтэй хүний биед сая сая эр бэлгийн эсүүд тогтмол боловсорч гадагшилж байдаг бөгөөд тэдгээрийн үндсэн зорилго нь хурдан сэлж эм бэлгийн эсийг олж нийлэх явдал байдаг. Эм бэлгийн эс бүрэн боловсорч гадагшилсны дараа дараагийн эс боловсорч эхлэдэг бол харин эр бэлгийн эс тасралтгүй үүсч боловсорч байдаг онцлогтой. Харин эр бэлгийн эс нь 64-72 цаг амьдрах чадвартай байдаг. Эр бэлгийн эс эрэгтэй хүний биед хэдэн долоо хоног амьдарч чаддаг бөгөөд бэлгийн хавьтлын үед 30 саяас 300 сая хүртэл тооны эс гадагшилдаг байна.
Эр бэлгийн эс төмсгөнд үүсч бий болдог. Төмсөг нь дулаанд хэт мэдрэг байдаг тул биеийн гадна хэсэгт байрлаж хүйтэн үед биед ойртон ирж, харин халуун үед холдож дулаанаа зохицуулж байдаг. Эрүүл эр бэлгийн эс хүний биеийн дулаанаас 1-2 хэмийн бага нөхцөлд үүсч бий болж байдаг бөгөөд энэ нь дээрх дулаанаа зохицуулах чадвартай холбоотой юм. Ингээд эр бэлгийн эсүүд төмсгөнд үүсч хуримтлагдаж байгаад бэлгийн харьцааны үед үрийн цэврүү, түрүү булчирхайн шүүрэлтэй холилдож үрийн шингэн болж гардаг байна.
Хэдийгээр олон сая эр бэлгийн эсүүд бэлгийн харьцааны үед ялгардаг боловч нэг эм бэлгийн эстэй зөвхөн нэг л эр бэлгийн эс нийлж үр тогтдог байна. Үр тогтож байгаа эр бэлгийн эсийн ямар хромосом агуулсан байгаагаас шалтгаалж хүүхдийн хүйс тодорхойлогддог. Хэрэв эр бэлгийн эс X хромосом агуулсан байвал охин, харин Y хромосом агуулсан байвал хүү төрөх болно. Судлаачид Y хромосом нь Х хромосомоос жижиг хэмжээтэй байдаг тул энэ хромосомыг агуулсан эр бэлгийн эс хурдан хөдөлгөөнтэй, амьдрах хугацаа богинотой байдаг, харин Х хромосом агуулсан эр бэлгийн эс нь удаан хөдөлгөөнтэй, амьдрах хугацаа харьцангуй урттай байдаг гэж үздэг.

Бэлгийн харьцааны үед юу болдог вэ?
Бэлгийн харьцааны үед бие махбоди ихээхэн хүчин чармайлт гаргасны дүнд дур тавих болно. Энэ бол гайхалтай, тааламжтай нөгөө талаас биологийн чухал үүрэгтэй үйл ажиллагаа юм. Эрэгтэй хүн дур тавих үед эр бэлгийн эс болон үрийн цэврүү болон түрүү булчирхайн шүүрлээс бүрдсэн үрийн шингэн 16 км /цагийн хурдтайгаар умайн хүзүүний орчимд орж ирдэг. Ингээд эр бэлгийн эсүүд үндсэн зорилгоо биелүүлэхээр эм бэлгийн эсийг хайх аяндаа яаравчан ордог.

Жирэмсэн болох хамгийн тохиромжтой байрлалд эрэгтэй нь дээрээ болон арын байрлалууд ордог бөгөөд энэ үед эр бэлгийн эс умайн хүзүүний орчимд гүн нэвтэрдэг байна.
Жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлхэд бэлгийн харьцааны дараа өгзгөн дороо дэр ивээд дээшээ харж 20-30 минут хэвтэх нь тустай байдаг гэж зарим судлаачид үздэг. Энэ нь шууд утгаараа үрийн шингэнийг умайн хүзүүний орчимд удаан байлгаж нэвтрэх боломжийг нэмэгдүүлж байна гэсэн үг юм.
Хосууд бэлгийн харьцааны дараа амарч байх үед эмэгтэйн бие дотор ихээхэн идэвхтэй үйл ажиллагаа болж байдаг. Олон сая эр бэлгийн эсүүд эм бэлгийн эсийг хайн амаргүй аялал хийн сэлж байдаг байна.
Тэдгээрийн хамгийн анхны сорилт бол үтрээний хүчиллэг орчин юм. Үүнээс болж ихэнх эр бэлгийн эсүүд үхдэг бол цөөн хэсэг нь умайн хүзүүгээр нэвтэрч чаддаг. Овуляцийн үед умайн хүзүүний шүүрэл нэвтрэшгүй байдлаа өөрчилж нэгээс хоёр хоног тунгалаг болж ирдэг бөгөөд энэ үед цөөн тооны эр бэлгийн эс умайн хүзүүгээр нэвтэрч чаддаг. Гэвч тэдгээр эсүүд бүгд хүрэх газартаа очиж чаддаггүй. Эдгээр нэвтэрч чадсан эсүүдийг умайн хүзүүнээс гуурсан хоолой хүртэл 15-18 см орчим урт аян зам хүлээж байдаг. Зарим үед эр бэлгийн эсүүд 15 минутын хугацаанд 2,54 см замыг туулж чаддаг.
Зарим хурдан сэлэгчид 45 минут орчим хугацаанд эм бэлгийн эсийг олж очиж чаддаг бол удаан явсан тохиолдолд 12 цаг орчмын дараа очдог байна. Хэрэв тэдгээр эр бэлгийн эсүүд умайн гуурсан хоолойгоос эм бэлгийн эсийг олж чадахгүй бол 72 цаг хүлээдэг.

Энэ үед өндгөвчний фолликулаас гарч ирсэн өндгөн эс умайн гуурсан хоолойд орж ирвэл зөвхөн ганц эр бэлгийн эстэй нийлж үр тогтодог. Үр тогтсон өндгөн эсийг зигот гэж нэрлэдэг.
Одоо л жинхэнэ гайхамшиг эхлэнэ. Үр тогтсон эхний 24 цагийн дотор эр эм бэлгийн эсүүдийн удамшлын мэдээллүүд нийлж шинэ эсүүдийг үүсгэж бий болгон эрчимтэй хуваагдаж эхлэнэ. Үүнийг бластоцист гэж нэрлэх бөгөөд умайн хөндийд орж ирэн хүнс тэжээлийн бодисоор баялаг болсон умайн хананд бэхлэгдэж өгдөг. Ийнхүү жинхэнэ утгаараа жирэмсэн болж шинэ хүүхэд бий болох эхлэл тавигддаг байна.

 

Сэтгэгдэл бичих