Хэрэв таны хань жирэмсэн бол…
Аавуудын булан  //  Сэтгэгдэлгүй   //   8004 Уншсан

Ихэнх хүмүүс жирэмслэлт бол зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай юм шиг ойлгодог. Зарим эмэгтэйчүүд эрчүүдэд хамаагүй гэж итгэдэг. Гэтэл үнэндээ тийм биш юм. Бид хамтдаа жирэмслэлтийн тухай ярьдаг. Бид хамтдаа сонирхдог. Бид хамтдаа санаа зовдог. Бид хамтдаа уншиж багахан ч гэсэн зүйлийг мэдэж авахыг хичээдэг. Бяцхан үрийнхээ энэ хорвоод мэндлэх баярт мөчийг хамтдаа хоног тоолон хүлээдэг. Анхны хөдөлгөөөнийг нь мэдрээд догдлон хөөрцгөөдөг. Хүүхдээ төрмөгц хамтдаа баярлаж, хамтдаа хүүхдээ өлгийдөж, хамтдаа нойроо хагасладаг. Энэ бүгдэд эцэг хүний оролцоо байхгүй цаг минут байхгүй бөгөөд зүрх сэтгэлээрээ нэгдэн байж үр хүүхдээ өсгөхийн төлөө хамтдаа тэмүүлдэг билээ.
Тийм ээ бид хамтдаа байдаг. Бид хамт эмчид үзүүлж анх ургийн зүрхний цохилтыг сонсож хамтдаа согтууруулах ундаа, тамхинаас татгалзаж, хамтдаа ном уншиж илүү ихийг хийж чаддаг. Иймд эрчүүддээ зориулсан зарим зөвлөгөөг орууллаа. Таны хайрт жирэмсэн байгаа эсвэл жирэмсэн болохоор төлөвлөж байгаа алин боловч эдгээр нь чухал ач холбогдолтой.

Анхаарал хандуул
Таны хань өөрийнх нь хэвлий хэрхэн томорч байгааг таныг тааламжтай харж байгааг хараад баярлах болно. Хэвлийд байгаа бяцхан үрийнхээ хөдөлгөөнийг мэдэр. Өөрийнхөө хүүхдэд хөгжим тоглож эсвэл ном уншиж өгөөрөй. Өөрийн дотоод бодолоо бичиж, юу хүсч байгаа талаар нь ханьтайгаа ярилцан тэмдэглэл хөтлөж болно. Жирэмсний явцад хүүхдийнхээ өсөлт хөгжилтийн байдалд анхаарал хандуулж судлаарай. Энэ нь гайхамшигтай цаг мөч байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Хамтдаа бай
Жирэмсэн үедээ эмчид үзүүлэх олон үзлэгийн заримд нь ч гэсэн хамт очоорой. Хэт авиан шинжилгээ буюу эход өөрийнхөө хүүхдийг харах боломжийг битгий алдаарай. Хүүхдийнхээ анхны зургийг авч билэгийг нь хийлгэж болно. Хэрэв таны хань эмнэлгийн ямар нэгэн ажилбар, шинжилгээ хийлгэх бол хамтдаа эмнэлэгт очоорой. Мөн төрөлтөнд зориулсан хичээлд хамтдаа сууж болно. Учир нь төрөлтийн үед та хайрттайгаа хамт байж төрөлтөнд хамтран оролцож магадгүй.

Өөрийгөө бас эрүүлжүүл
Өөрийн хайрт шигээ зөв хооллолтын дэглэм барьж согтууруулах ундаа, тамхи хэрэглэхээс татгалзах зэрэг нь түүнд амьдралын хэв маягаа өөрчлөхөд дэмжлэг болно. Согтууруулах ундаа хэрэглэхээс эрс татгалзаарай. Хамтдаа явган алхах, дасгалд хийхэд цаг зарцуул. Өөрийн ажил төрлөө зохицуулж гэртээ хамт байх цагийг илүү их болгоорой.

Түүний өөрчлөгдөж байгаа биеийг хайрла
Хайртийнхаа биеийг жирэмсний сар болгонд хэрхэн өөрчлөгдөж байгааг анхаарч хүсвэл зургийг нь авч хадгалж болно. Энэ нь хожим үнэтэй дурсамж болно гэдэгт итгээрэй. Жирэмсний хугацаа ахих тусам түүнд дур татам байдал нь алдагдаж байгаа мэт сэтгэгдэл төрж магадгүйг ойлгох хэрэгтэй. Жирэмсэн үед физиологийн өөрчлөлттэй холбоотойгоор эмэгтэй хүн сэтгэл зүйн хувьд эмзэг болдгийг мартаж болохгүй. Хайртдаа үзэсгэлэнтэй байгааг нь хэлээрэй.

Илүү ихийг хий
Таны хань илүү ихийг хүсч магадгүй. Түүнтэйгээ цуг яв. Тэр бүх хүнд хэцүүг үүрч байгаа гэдгийг санаарай. Хамгийн багаар бодоход хүнсээ өөрөө цуглуулж, түүнд цэцэг авч өгч мөн шөнийг 11 цагт дуртай мөхөөлдөсөө хүсвэл дэлгүүр рүү гүйгээрэй.

Эмнэлэг явах замыг тогтоо
Энэ нь ойлгомжтой мэт санагдаж магадгүй боловч таны хань өвдөж эхлэх эсвэл ураг орчмын шингэн цагаасаа өмнө гарвал эмнэлэг рүү яарах шаардлага гарах болно. Энэ тохиолдолд эмнэлэгт ямар замаар хурдан, саадгүй очиж болох нь танд тодорхой байх ёстой.

Төрөлтийн үед хамт бай
Түүнд туслахад бэлдээрэй. Төрөлтийн үед сонгохоор дуртай хөгжмийг нь бэлдэж болно. Эмнэлэг рүү авч явах юмаа урьдчилан бэлдэхээс гадна түүнд массаж хийж өгөх, босож суухад нь туслах, оронд хэрхэн хэвтүүлэх, юм уумаар байгааг нь асуух зэрэг талаар урьдчилан бэлтгээрэй. Хэрэв та эдгээрийг нэгэнт шийдчихсэн бол эмч болон эх баригчаас хүүхдээ төрөх замаар цухуйхад хэрхэн дэмжих хүйн судсыг яаж хайчлах талаар асуугаарай.

Дэлгүүрээр явж, хоорондоо ярилцаж олон шийдвэрийг хамтдаа гарга
Шинээр мэндэлсэн хүүхэддээ зориулж та хоёр өлгий, усанд оруулах банн, унтлагын ор, хувцасны шүүгээ зэргийг худалдан авч хүүхдээ асрахад бэлдэнэ. Мөн хүүхэддээ нэр өгөх, хэрхэн хооллох, живх хэрэглэх эсэх талаарх олон шийдвэрийг хамтдаа гаргаарай.

Гэр бүлийнхээ шинэ амьдралд бэлд
Хэрэв бэлдэж амжаагүй байсан бол гэр бүлийнхээ амьдрах тухай орчныг бүрдүүлээрэй. Одооноос мөнгөө цуглуулж эхлээрэй. Төрсний дараа хүүхдийг хэрхэн асрах талаар мэдлэгтэй болж аав болох бэлтгэлээ эртнээс хийж эхлээрэй. Мөн орох дуртай рестораныхаа менюг цуглуулах, ханьдаа бэлэг авах зэрэг сюрприз барих талаар үргэлж санаж байгаарай. Эцэст нь хэлэхэд таны гэр бүлийн халуун дулаан байдал, аз жаргал таны ажлын амжилтын үндэс суурь болно гэдгийг мартаж болохгүй.

 

Сэтгэгдэл бичих