Төрсний дараа хөхөнд гарах өөрчлөлт
Төрсний дараах үе  //  1 сэтгэгдэлтэй   //   6802 Уншсан

Төрсний дараа хөхөнд ямар өөрчлөлт гардаг вэ?
Хүүхэд төрүүлсний дараах хоёроос гурав дах хоногт хөх хөндүүр болох, чинэрч лугших, хэсэг газар зангирч хатуурах зэрэг таагүй байдал үүсч болзошгүй. Зарим үед суганы булчирхай цочиж хавдах, бага зэрэг халуурах шинж тэмдэг илэрдэг. Хэдийгээр сонсоход аймар мэт боловч энэ нь түр зуурын асуудал байх тул санаа зовсны хэрэггүй.

Үүний шалтгаан нь юу вэ?
Төрсний дараах 72 цагийн дотор хөхний булчирхайн сүү ялгаруулах үйл ажиллагаа идэвхжин таны хүүхдийг тэжээх чадвартай болдог. Энэ үед хөхний болон ойр орчмын эдүүдийн цусан хангамж эрс нэмэгддэг. Үүний улмаас хөх томорч эмзэглэл ихтэй болдог байна. Төрсний дараах үедээ байгаа ээж болгонд хөх зангиралт үүсдэггүй. Зарим эхчүүдэд хөх ялимгүй томорч мэдэгддэг бол нөгөө хэсэгт нь эрс томорч хатуурдаг. Төрсний дараах нярай хүүхдээ асрах зэрэг олон асуудлын хажуугаар өвдөлт ихтэй хатуурсан хөх ихээхэн хүндрэл үүсгэдэг.

Ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
Юуны өмнө хөх хатуурч томрох нь муу шинж тэмдэг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүний үр дүнд та хүүхдээ хооллох хангаллттай хэмжээний сүү ялгаруулж чаддаг болно. Тэр хүртэлээ дараах зарчмуудыг мөрдөөрөй:

  • Хэт бариу биш хөхөнд тулгуур болж өгөх тохирсон хөхний даруулга зүүж байх
  • Хоёроос гурван цаг тутамд хүүхдээ хөхүүлэх. Хэрэв хүүхэд тань нэг талын хөхөндөө цадчихвал дараагийн удаад нөгөө талын хөхөө хөхүүлээрэй.
  • Хүүхдээ хөхүүлэхдээ хөхний нөсөөтэй хэсгийг гүйцэт амлуулж хөхүүлээрэй. Хөхөө сааж сулруулж байж хөхүүлэх болон зөв амлуулж хөхүүлэх нь хөхний толгой гэмтэх эрсдэлийг бууруулдаг сайн талтай. Бүлээн шүршүүрт орж байгаад хөхөө саавал хурдан сулрах сайн талтай байж болохыг санахад илүүдэхгүй.
  • Хөхийг хүүхэд хөххөд тохиромжтой болтол зөөлрүүлэхээс илүү хэмжээтэй саахаас зайлсхийгээрэй. Хэт их саагаад байвал хөхний сүүих ялгарахад хүргэж хөх зангиралт удаан хугацаагаар үргэлжлэх болно гэдгийг анхаараарай.
  • Хүүхдээ хөхүүлж байхдаа хөхнийхөө хатуурсан хэсэгт зөөлөн массаж хийж болно. Энэ нь хөхний сүүний гаралтыг дэмжиж хатууралтыг багасгах нөлөөтэй.
  • Хүүхдээ хөхүүсний дараа богино хугацаанд хөхөндөө хүйтэн жин тавих нь өвдөлт намдаахын зэрэгцээ чинэрэлтийг бууруулна.
  • Хэрэв өвдөлт ихтэй байх , хөхний хэсэг газар улайж халуун болох, өндөр халуурах, саахад зангиралт гарахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрвэл даруй эмчид үзүүлээрэй.
  • Бүлээн жин тавих, индүүдсэн халуун хувцас өмсөх зэрэг шууд дулааны үйлчэл хэрэглэж хэрхэвч болохгүй. Энэ нь хэсэг хугацаанд өвдөлтийг бууруулж болох боловч байдлыг улам хүндрүүлж болзошгүй.

Энэ нь хэр удаан үргэлжилдэг вэ?
Аз болоход энэ таагүй байдал удаан үргэлжилдэггүй. Ихэвчлэнхөхний зангиралт 24-48 цагийн дотор багасдаг бөгөөд хүүхдээ сайх хөхүүлэх, хөхөндөө массаж хийж саах нь дэмжлэг болдог. Хэрэв хөхийг зөв саахгүй, хүүхдээ сайн хөхүүлж хөхөө суллахгүй бол энэ байдал удаан үргэлжлэх болно.

 

1 сэтгэгдэлтэй “Төрсний дараа хөхөнд гарах өөрчлөлт”
  • Boloro - Reply

    Huhni tolgoi het Tom Bgad bn jijighen bolgoh arga bnu tuslaach

Сэтгэгдэл бичих