Ихэр жирэмсэн
Мэдээ мэдээлэл  //  Сэтгэгдэлгүй   //   6557 Уншсан

Нийт жирэмслэлтийн 1-2 хувьд нэгээс олон тооны ураг бүрэлдэн хөгжих явдал тохиолддог бөгөөд үүнийг ихэр жирэмсэн гэж нэрлэдэг. Ихэр жирэмсэн нь энгийн нэг урагтай жирэмснээс нилээд олон ялгаа, онцлогтой байдаг.
Ихэр ураг тээж байгаа жирэмсэн эхчүүдэд цусны даралт ихсэх, цус багадалт, зулбах болон дутуу төрөх, ургийн гаж хөгжил, ургийн өсөлт баригдах хам шинж үүсэх, ураг дотроо болон төрсний дараа эндэх эрсдэл энгийн жирэмсэнтэй харьцуулахад өндөр байдаг. Иймд ихэр жирэмсэн үед өөрийн эрүүл мэнддээ илүүтэй анхаарч жирэмсний хяналтанд эрт орж тогтмол үзүүлж гарч болох хүндрэлүүдээс сэргийлэх шаардлагатай.

Хэрэв та ихэр жирэмсэн болсон бол хэзээ, хэрхэн мэдэж болох вэ?
Хэдэн арван жилийн өмнө хоёр болон түүнээс дээш ихэр жирэмсэн эхчүүдийн ихэнх нь жирэмсний сүүлийн гурван сард юм уу төрөх үедээ л ихэр гэдгээ мэддэг байсан байна. Харин одоо үед бол байдал өөр болсон бөгөөд хэт авиан шинжилгээний тусламжтайгаар жирэмсний эхний гурван сарын хугацаанд ихэвчлэн оношлодог болжээ.
Жирэмсэн болсныг батлах эхний шинжилгээнд хэт авиан шинжилгээ зүй ёсоор ордог. Биений юм хоригдох болон жирэмсний тест эерэг (хоёр зураас) гарсан нөхцөлд хэт авиан шинжилгээ хийлгэж умайн хөндийд жирэмсэн болсон гэдгийг батладаг. Мөн жирэмсний хугацаанд умайн хэмжээ байх ёстойгоосоо хурдан томрох нь ихэр жирэмсэн байж болох эхний таамаглал болох тохиолдол гардаг.
Зохиомолоор үр шилжүүлэн суулгуулсан эмэгтэйчүүдийн хувьд эхний найман долоо хоногийн дотор хөврөлийн тоог тогтоодог. Жирэмсний зургаагаас найман долоо хоногийн хооронд ихэр жирэмсэн эсэхийг хэт авиан шинжилгээгээр найдлагатай тодруулж болно.

Ихэрүүд яагаад заримдаа адилхан заримдаа өөр байдаг вэ?
Нэг зэрэг хоёр өндгөн эс боловсорч улмаар зэрэг үр тогтвол хоёр өндөгний ихэр (дизиготик) гэж нэрлэдэг. Харин нэг өндгөн эсд үр тогтолт явагдсаны дараа хоёр хэсэгт хуваагдсаны улмаас үүссэн ихэрийг нэг өндгөний (монозиготик) ихэр гэдэг. Хоёр өндгөний ихрүүд тус тусдаа эр эм бэлгийн эсээс үүсч хөгждөг тул удамшлын мэдээлэл нь өөр өөр байдаг. Иймд энэ төрлийн ихрүүд өөр хоорондоо, гадаад төрхийн хувьд болон хүйсийн хувьд ялгаатай байдаг бол харин нэг өндгөн эсийн ихрүүдийн удамшлын мэдээлэл бараг адил байдаг тул хоорондоо төстэй, ижил хүйстэй байдаг.

Нэг өндгөний ихэр байна уу эсвэл хоёр өндгөний ихэр байна уу гэдгийг хэзээ, хэрхэн мэдэж болох вэ?
Жирэмсэн үед амниоцентез болон хорионы виллийг шинжлэх замаар тодорхойлж болох боловч эдгээр нь ихэр болгонд хийгээд байх энгийн хялбар шинжилгээний арга биш юм.
Харин энгийн аюулгүйгээр ямар ихэр байгааг мэдэж болох арга бол хэт авиан шинжилгээний арга бөгөөд энэ үед мөн ихэсийн тоо, ургийн хүйс зэргийг мэдэж болох давуу талтай.
Туршлагатай эмч үтрээний хэт авиан шинжилгээгээр жирэмсний 9-14 долоо хоногийн хооронд таны ихэр хүүхдийн ихэсийн тоо байлал зэргийг нарийн тогтоож чадна. Хэрэв ихэр ураг нэг ихэстэй байвал нэг өндгөн эсийн ихэр гэж үздэг. Харин хоёр ихэстэй байвал хоёр өндгөн эсийн ихэр байх магадлаллтай бөгөөд зарим үед хоёр ихэстэй боловч нэг өндгөн эсийн ихэр байж болно. Бүх хоёр өндгөн эсийн ихэрүүд, нэг өндгөний ихэрийн 20-30 хувь нь тусдаа ихэстэй байдаг.
Жирэмсний 18-20 долоо хоногийн үед ургуудын хүйсийг хэт авиан шинжилгээгээр тогтоох боломжтой болдог. Ховор тохиолдолд тухайн ургийн байрлалтай холбоотойгоор хүйсийг тодруулахад хүндрэлтэй байж болох талтай. Хэрэв ихэрийн нэг нь охин нөгөө нь хүү байвал хоёр өндгөний ихэр гэдгийг илтгэнэ. Харин нэг өндгөн эсийн ихэрүүд бараг бүгд адил хүйстэй байдаг.
Хэрэв хэт авиан шинжилгээгээр хоёр тусдаа ихэстэй боловч адил хүйстэй ураг байвал эсвэл эдгээр нь тодорхой биш байвал хариултыг төрсний дараа мэдэж магадгүй. Төрсний дараа эмч ихэсийг шалгаж үздэг. Учир нь тусдаа хоёр ихэс заримдаа нийлснээс нэг ихэс шиг харагдах нь байдаг .
Ихэр хүүхдүүд өсөж том болох үед тэднийг аль өндгөн эсийн ихэр болохыг хялбар мэдэж болно. Хэрэв тэд хоорондоо адилхан, зарим хүмүүс ялгаж чадахгүй байвал нэг өндгөн эсийнх гэсэн үг. Харин ихрүүд гадаад төрхөөрөө хоорондоо ялгаатай бол хоёр өндгөн эсийн ихэр болохыг илтгэнэ.

Нэг болон хоёр өндгөн эсийн ихэр болохыг мэдэх нь ямар ач холбогдолтой вэ?
Ихэр жирэмсэнг нэг болон хоёр өндгөн эсийнх гэдгийг мэдэх нь цаг үрсэн дэмий сониучирхал биш юм. Үүнийг мэдэх нь анагаах ухааны талаас чухал ач холбогдолтой асуудал юм.
Хоёр өндгөний ихрүүд тус тусдаа ихэстэй байдаг. Ихэс нь тусдаа байх нь ихэр ургийн өсөлт хөгжилт зэрэгт таатай нөлөө үзүүлэхийн зэрэгцээ нэг нь амьдрах чадваргүй болсон ч нөгөөх нь хэвийн өсөж хөгжих чадвартай байдаг.
Харин нэг өндгөн эсийн ихрүүд нэг ихсээр тэжээгдэж байдаг тул жирэмсний явцад зарим эрсдэлтэй асуудлууд үүсэх эрсдэл хоёр өндгөний ихрээс илүүтэй илэрдэг. Эдгээр ихрүүдийн 15 орчим хувьд twin-to-twin transfusion syndrome (TTTS) илэрдэг бөгөөд энэ нь хоёр ихэр ургийн нэг нь нөгөөдөө шингэнээ “хандивладаг”цусан хамгамжийн буруу хувиарлалттай эмгэг юм. Энэ үед нэг ураг нь хандивлагч болж өсөлт хөгжил нь хоцордог бол хүлээн авагч болсон ураг нь эрчимтэй томордог. Улмаар ноцтойгоор даамжирвал ихэвчлэн хоёр урагт хоёуланд нь хөнөөлтэй үр дагавар үүсгэдэг. Нэг ихэстэй хоёр ихрийн нэг нь эндвэл эндсэн ургийн задралын бүтээгдэхүүн ихсээрээ дамжин нөгөө ургийн тархи бөөр зэрэг амин чухал эрхтэнүүдийг гэмтээдэг бөгөөд үүнийг twin-to-twin embolization syndrome гэж нэрлэдэг байна.
Хэрэв ихэр ургууд нэг ихэстэй байвал эмч ургуудийн өсөлт хөгжил, жингийн харьцааг хянахын зэрэгцээ twin-to-twin transfusion syndrome (TTTS) ийн бусад шинж тэмдэг байгаа эсэхийг шалгана. Хяналтын явцад сэжигтэй зүйл илэрвэл хүндрэлээс сэргийлэх, ургийн эрүүл байдлыг хангах үүднээс зохих арга хэмжээг авах болно.

 

Сэтгэгдэл бичих