Жирэмсэн үеийн шамбрам
Жирэмсний асуудлууд  //  Сэтгэгдэлгүй   //   7673 Уншсан

Жирэмсэн үеийн геморройн талаарх ойлголт
Ихэнх эмэгтэйчүүдэд тохиолддог эмгэг өөрчлөлтүүдийн нэг нь шамбрам юм. Геморрой буюу шамбрам жирэмсэний хугацаанд элбэг тохиолддог бөгөөд ялангуяа жирэмсний гурав дах гурван сард илүүтэй илэрдэг.

Шамбрам гэж юу вэ?
Шулуун гэдэсний доод хэсгийн болон хошного орчмын венийн судаснууд хавагнаж үрэвсэх эмгэг байдлыг шамбрам гэж нэрлэдэг. Шулуун гэдэс болон хошного орчмын венийн судаснуудыг хэд хэдэн бүлэг болгон авч үздэг.
Энэ судасны байрлалтай холбоотойгоор шамбрам гадна ба дотор гэсэн үндсэн хоёр хэлбэртэй байдаг.

Жирэмсэн үеийн шамбрам үүсэх шалтгаан
Жирэмсний явцад дааврын өөрчлөлтөөс болон шулуун гэдэсний венийн судаснуудын дотоод даралт ихэссэний улмаас шамбрам үүсдэг. Жирэмсний туршид вэнийн судаснуудын дотоод даралтыг ихэсгэх хэд хэдэн шалтгаан байдаг. Тэдгээрээс заримыг авч үзвэл:

  • Ураг болон умай томрохын хирээр аарцгийн доод хэсгийн венийн судаснуудыг дарж дотоод даралтыг нэмэгдүүлдэг.
  • Дааврын өөрчлөлт венийн судаснуудыг өргөсгөх шалтгаан болдог.
  • Хүүхэд төрөх үед венийн судаснуудын даралт улам нэмэгддэг.
  • Жирэмсний хугацаанд өтгөн хаталт элбэг тохиолдоно. Өтгөн хаталт нь шулуун гэдэсний даралт болон суналтыг нэмэгдүүлснээр геморрой үүсэх шалтгаан болдог.

Ямар шинж тэмдэгүүд илэрдэг вэ?
Жирэмсэн үеийн геморройн шинж тэмдэгүүд жирэмсэн бус эмэгтэйчүүдийн геморройн шинж тэмдэгүүдтэй төстөй байдаг. Тэдгээр шинж тэмдэгүүд геморройн аль хэлбэр байна гэдгээс хамаардаг.

Дотор шамбрам
Дотор геморройн хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэг бол өтгөнөөр бие засах үед хурц улаан цустай гардаг мөн ариун цэврийн цаас цус болсон байдаг байна.
Бусад шинж тэмдэгүүдэд:

  • Хошного орчим хорсож загатнах
  • Бөгс рүү тулж өвдөх

Харин энэ хэлбэрийн үед өвдөлт тэр болгон илэрдэггүй.

Гадна шамбрам
Дотоод шамбрам шиг өвдөлтгүй байдаггүй, гадна шамбрам өвдөлт ихтэй байдаг онцлогтой. Мөн дараах шинж тэмдэгүүд илэрдэг. Үүнд:

  • Цус гарах
  • Хошного хорсч загатнах.

Жирэмсэн үеийн шамбрамын оношилгоо эмчилгээ
Дээрх шинж тэмдэгүүдтэй төстэй шинжүүд илэрвэл эмчид хандаж онош тодруулах хэрэгтэй.
Жирэмсэн үеийн шамбрамын эмчилгээ ихэвчлэн дараах хэсгүүдээс бүрдэнэ.Үүнд:

  • Шинж тэмдэгийг хөнгөвчлөх
  • Хүнсэнд хэрэглэх ислэг болон шингэний хэмжээг нэмэгдүүлснээр өтгөн хаталтыг багасгаж геморройн венийн дотоод даралтыг багасгана.
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах

Өвөрмөц эмчилгээнд дараах аргуудыг хэрэглэнэ. Үүнд:

  • Гадна геморройн үед өдөрт гурваас дөрвөн удаа 10-15 минутын хугацаатайгаар мөсөн жин тавих
  • Өдөрт дөрвөөс таван удаа бүлээн баннд 20-30 минутын хугацаатайгаар суух
  • Хүнсэнд хэрэглэх ислэг болон шингэний хэмжээг нэмэгдүүлэх
  • Өтгөн хаталтын эсрэг эмийн бодис хэрэглэх. Тэдгээрийг ихэвчлэн пренатал витамин хэрэглэж байх үед хавсрах хэрэглэдэг.
  • Загатналт болон үрэвсэлийг намдаах үйлчилгээтэй тосон түрхлэг хэрэглэх. Жирэмсний хугацаанд ямар түрхлэг хэрэглэж болохыг эмчээсээ асуугаарай
  • Өвдөлт намдаах эмийн бодис хэрэглэж болно

Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах дасгал хийж болох бөгөөд бие засах газар удаан суухаас аль болох зайлсхийх хэрэгтэй.

Жирэмслэлттэй холбоотой геморройгоос урьдчилан сэргийлэх
Жирэмсэний хугацаанд геморрой үүсэх магадлалыг бууруулах дараах аргуудыг санаж байх хэрэгтэй. Үүнд:

  • Өтгөнөөр ойр ойрхон бие засвал сайн. Өтгөнөөр бие засалгүйгээр удаан байж болохгүй.
  • Явган явах болон жирэмсний дасгал хийвэл гэдэсний хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ. Жирэмсний хугацаанд ямар дасгал хийж болох талаар эмчтэйгээ зөвшилцөөрөй.
  • Удаах хугацаагаар суух болон зогсохоос зайлсхий.
  • Хүнсэндээ ислэг болон жимс түлхүү хэрэглэх. Энэ нь өтгөх хаталтыг багасгах нөлөө үзүүлнэ. Зохих хэмжээний ислэг болон зургаагаас найман аяга шингэн зүйл уух нь өтгөн хатахаас сэргийлнэ.

 

Сэтгэгдэл бичих