Жирэмсэн үеийн суулгалт
Жирэмсний асуудлууд  //  Сэтгэгдэлгүй   //   5996 Уншсан

Жирэмсэн үеийн суулгалтын тухай
Жирэмсэн үед ходоод гэдэсний талын олон асуудал тохиолддог. Тэдгээрээс нилээд ховор тохиолдох эмгэгүүдийн нэг нь суулгалт юм. Шингэн усархаг, хэлбэржээгүй өтгөнөөр өдөрт гураваас олон удаа бие засахыг суулгалт гэж нэрлэдэг. Хааяа шингэн усархаг зүйл гарч байгаа боловч нэг хэсэг хэлбэржсэн өтгөнөөр бие засч байгаа бол үүнийг суулгалт гэж үзэж болохгүй.

Жирэмсний хугацаанд суулгалт яагаад ховор тохиолддог вэ?
Нэгдүгээрт жирэмсний үед хэрэглэдэг пренатал витаминууд ихэвчлэн өтгөн хаталт үүсгэх хандлагатай байдаг.
Хоёрдугаарт жирэмсний хугацаа ахих тусам гэдэс доош дарагдах хандлагатай байдаг. Мөн жирэмсний үед ялгаралт нь нэмэгдэж хэвийн жирэмсний явцыг хангаж байдаг прогестрон дааврийн нөлөөгөөр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасдаг.
Харин жирэмсэн эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад их мэдрэмтгий байдаг тул вирус болон бактерийн халдвар авахад амархан байдаг.

Жирэмслэлттэй холбоотой суулгалтын шалтгаан
Жирэмсэн бус эмэгтэйчүүдийн суулгалтын шалтгаанууд бүгд жирэмсэн эмэгтэйчүүдэд суулгалт үүсгэх шалтгаан болж болдог.
Хамгийн гол шалтгаануудын нэг нь халдвар байдаг бөгөөд тэдгээрийн дунд нарийн гэдсийг гэмтээдэг вирусын халдвар голлох байрыг эзлэдэг байна. Мөн жирэмсэн үеийн суулгалтын шалтгаанд бактерийн хадлвар ( Escherichia coli), шимэгчид болон нарийн гэдсийг цочроох бусад хүчин зүйлүүд ордог.
Зарим эмэгтэйчүүдэд төрөх үйл ажиллагаа эхлэх үед суулгалт тохиолдож болдог.

Суулгалт ба бусад шинж тэмдэгүүд
Суулгалт бол бие даасан өвчин биш. Харин халууралт гэдэг шинж тэмдэгтэй нэгэн адил шинж тэмдэг юм. Иймд суулгалтын шалтгаанаас хамаарч бусад шинж тэмдгүүдтэй хавсаран илэрч болдог. Суулгалттай хамт илэрдэг шинж тэмдэгүүдийг дурдвал:

  • Дотор муухайрах
  • Бөөлжих
  • Гэдэс базлах
  • Аюулхайд өвдөх
  • Усгүйжих
  • Халууралт
  • Чичрүүдэс хүрэх
  • Толгой өвдөх
  • Булчин өвдөх
  • Ядарч сульдах ерөнхий шинжүүд.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд суулгалт шалтгаанаасаа хамаарч ихэвчлэн 1-10 хоног үргэлжилдэг. Мөн хэлбэрийн хувьд хүнд болон хөнгөн байж болно.

Суулгалт урагт ямар нөлөө үзүүлдэг вэ?
Ихэнх вирусийн болон бактерийн гаралтай суулгалт урагт хор нөлөө үзүүлдэггүй. Учир нь эдгээр халдвар үүсгэгчид хоол боловсруулах замд байрлаж байдаг. Харин суулгалт удаан үргэлжилвэл жирэмсэн эхийг усгүйжүүлэх аюултай бөгөөд энэ нь урагт сөрөг нөлөө үзүүлдэг.

Усгүйжилтээс сэргийлэх арга
Суулгалт үүсгэдэг ихэнх шалтгаанууд аяндаа арилдаг. Түүнээс гадна суулгалттай жирэмсэн эмэгтэйн эмчилгээний үндсэн зорилго нь ихэвчлэн биеийн эсэргүүцлийг дэмжих болон суулгалтын улмаас үүссэн шинж тэмдгүүдийг эмчлэх явдал юм. Усгүйжилт нь урагт ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг учир жирэмсэн эмэгтэйчүүдийг усгүйжилтээс сэргийлэх нь чухал ач холбогдолтой.
Бие махбоди шингэний дутагдалд орохыг усгүйжилт гэж нэрлэдэг. Давс болон бусад чухал эрдэс бодисууд устай хамт алдагддаг. Усгүйжилтын шинж тэмдгүүдэд:

  • Хэт цангах
  • Ам хатах
  • Шээсний гарц багасах эсвэл гарахгүй байх
  • Нулимс багасах
  • Хэт ядралт болон унтамхай болох
  • Толгой эргэх зэрэг шинж тэмдэгүүд орно.

Жирэмсний хугацаанд суулгавал мөрдөх санамж
Жирэмсний хугацаанд суулгалт илэрвэл эмчид даруй хандаарай. Эмч таны суулгалтын шалтгааныг тогтоож шинж тэмдэгийг намдаах, биеийн эсэргүүцлийг сайжруулах болон халдвартай тэмцэх эмчилгээ хийнэ. Мөн дараах зөвлөгөөг санал болгоно. Үүнд:

  • Шингэн сайн уух. Шингэн зүйл сайн уух нь жирэмсэн эмэгтэйчүүдийг усгүйжилтээс сэргийлэх эмчилгээний хамгийн үр дүнтэй арга болдог. Ус, жүүс болон усгүйжилтийг нөхөх шингэн буюу манайхны ярьдагаар хросол зэрэгийг уух нь усгүйжилт үүсэх эрсдэлийг багасгана. Харин хийжүүлсэн ундаанд усгүйжилтийг нөхөх эрдэс болон бусад бодисууд хангалтгүй байдаг тул суулгалтын үед хэрэглэхэд тохиромжгүй юм. Шингэн нөхөх өвөрмөц уусмалыг эмийн сангуудаас эмчийн жоргүйгээр авах боломжтой.
  • Хэрэв суулгалт болон бөөлжилт хүнд хэлбэрээр илэрвэл эмчид хандаарай. Хүнд хэлбэрийн суулгалт бөөлжилтийн үед эмнэлэгт хэвтүүлж шингэний алдагдлыг шууд венийн судсаар шингэн нөхөх эмчилгээ хийх замаар нөхдөг.
  • Суулгалтын үед хүмүүс ихэвчлэн хэдэн цагаар юм идэхгүй байдаг.
  • Аажим дасгаж амархан шингэх зөөлөн хоол, махны шөл, шарсан талх, алим, банан, цагаан будаа зэрэг хүнсийг хэрэглэх хэрэгтэй.
  • Сүүн бүтээгдэхүүн болон каффейн хэрэглэхгүй байхыг бодоорой.
  • Хангалттай сайн амарч байх хэрэгтэй.

 

Сэтгэгдэл бичих