Жирэмсэн үед буйлнаас цус гарах
Жирэмсний асуудлууд  //  Сэтгэгдэлгүй   //   5072 Уншсан

Жирэмсэн үед яагаад буйлнаас цус гардаг вэ?
Буйл улайж хавагнах, эмзэг болох, шүд цэвэрлэх болон угаах үед цус гарах нь жирэмсэн үеийн буйлны үрэвслийн шинж тэмдэг бөгөөд жирэмсний хугацаанд элбэг тохиолддог. Жирэмсэн эмэгтэйчүүдийн тал хувьд эдгээр шинж тэмдэг илэрдэг. Жирэмсэн үед прогестрон дааврын түвшин ихэссэнтэй холбоотойгоор амны хөндийн цусан хангамж нэмэгддэг. Үүний улмаас буйл бичил биетний нөлөөнд илүү мэдрэг болж үрэвсдэг байна.
Мөн цус гарахын зэрэгцээ буйланд зөөлөн зангилаа маягийн үүсгэвэр үүсч болзошгүй. Энэ нь жирэмсэнтэй холбоотой үүсдэг идээт гранулома хэлбэрийн зангилаа бөгөөд өвдөлт, хор нөлөө багатай. Энэ хэлбэрийн зангилаа жирэмсний хугацаанд биеийн аль ч хэсэгт гарч болдог боловч ихэвчлэн амны хөндийд гардаг.

Жирэмсэн үеийн буйлны өвчлөл ямар нөлөө үзүүлдэг вэ?
Жирэмсэн үед буйлны үрэвсэл хүнд хэлбэртэй явагдвал дутуу төрөлт болон преэклампси үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг гэж зарим судлаачид үздэг. Хэдий тийм боловч энэ талаар томоохон судалгааны төвүүдийг хамруулсан дүнгээс үзэхэд буйлны өвчлөл болон дээрх ноцтой хүндрэлүүдийн хооронд хамаарал байхгүй гэж American Journal of Obstetrics & Gynecology сэтгүүлийн 2009 оны дугаарт нийтэлсэн байна.
Жирэмсний хугацаанд шүд болон буйландаа анхаарал сайн тавьж байх хэрэгтэй. Хэрэв буйлны үрэвсэл буюу гингивитийг эмчлэхгүй байвал үрэвсэл цааш даамжирч, эрүүний яс болон шүдний тулгуур эдүүдийг гэмтээж, периодонтит болж ноцтой байдалд хүргэж болно.

Хэрхэн сэргийлэх вэ?
Амны хөндийн эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахиж, шүдний эмчид тогтмол үзүүлж байх хэрэгтэй.

  • Шүдийг өдөрт хоёроос доошгүй удаа (болвол хоол идсэний дараа болгон) зөөлөн үстэй сойз болон фтортой оогоор сайтар угаах
  • Өдөр бүр зориулалтын утас болон чигчлүүрээр шүдээ цэвэрлэж байх
  • Шүдний эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж байх. Эмч шүдний угаагдалгүй үлддэг хэсгийн бохирдлыг цэвэрлэж, зөвлөгөө өгч хэзээ дахин үзлэгт ирэхийг товлож өгнө.
  • Шүдний асуудлыг эмчлүүлэлгүй орхихгүй байх. Хэрэв зайлшгүй шаардлага гарвал новокайн зэрэг жирэмсний үед аюулгүй хэсгийн мэдээ алдуулагч хэрэглэх болно. Мөн антибиотик эмчилгээнд жирэмсний тухайн үед хэрэглэж болдог эмийн бодисийг сонгон хэрэглэнэ.

Хэдийд шүдний эмчид очих вэ?
Шүдний эмчид төлөвлөсөн байнгын үзлэгээс гадна дараах шинж тэмдгүүд илэрвэл очиж үзүүлнэ. Үүнд:

  • Шүд өвдөх
  • Буйлнаас цус гарах. Мөн энэ нь өвдөлтийн шалтгаан болвол
  • Буйлны үрэвслийн бусад шинжүүд болон амнаас эвгүй үнэр гарах, шүд унах зэргийн үед
  • Амны хөндийд ямар нэгэн шархлаа, зангилаа зэрэг үүсгэвэр гарвал

 

Сэтгэгдэл бичих