Жирэмсний тест
Жирэмслэлт  //  Сэтгэгдэлгүй   //   21548 Уншсан

Хэрэв та жирэмсэн болсон байх гэж найдаж байгаа бол эсвэл санаа зовж байвал ”жирэмсэн болсноо сорилоор хэр эрт мэдэж болох вэ?”гэж бодож магадгүй. Ихэнх эмэгтэйчүүд үр тогтмогц жирэмсэн болсноо мэдэхийг хүсдэг. Харамсалтай нь одооны технологийн түвшин хараахан ийм хэмжээнд хүрээгүй байна.

Жирэмсний тестээр жирэмсэн болсноо хир эрт мэдэж болох вэ?
Жирэмсний бүх тестүүд hCG дааврыг илрүүлэх арга дээр үндэслэгдсэн байдаг. hCG гэдэг нь ”human chorionic gonadotropin” гэсэн үгийн товчилсон хэлбэр юм. Жирэмсний хугацаанд энэ даавар нь ихэсээс ялгарч байдаг. Харин энэ даавар үр тогтсон өндгөн эс умайн хананд бэхлэгдэх хүртэл үүсдэггүй. Иймд жирэмсний тест үр тогтсоноос 2-3 долоо хоногийн дараагаас эхлэн эерэг хариу гардаг. Хэдийгээр тийм боловч олон эмэгтэйд энэ хугацаанд сөрөг хариу гарч болдог байна.
Жирэмсний нууц үе өнгөрсний дараах эхний хоногт жирэмсэн эмэгтэйчүүдийн 90% д жирэмсний тестийн хариу эерэг гардаг бөгөөд 10% д жирэмсэн болсон ч сөрөг хариу гарсаар байдаг байна. Иймд та жирэмсэн болохоор оролдож байгаа бол тестийн хариу сөрөг гарсан ч архи, тамхи, тайвшруулах эмийн бодис зэргийг хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Гэрийн нөхцөлд тест үзэх
Гэрийн нөхцөлд хэрэглэдэг жирэмсний тестүүд бүгд шээсэнд hCG ийг илрүүлэх арга дээр үндэслэгдэн бүтээгдсэн байдаг. Та жирэмсний энэ төрлийн тестийг ойролцоох эмийн сангуудаас авч болно
Гэрийн нөхцөлд хэрэглэдэг жирэмсний тест шээсэнд дүрж болон урсгалд үздэг гэсэн хоёр янз байдаг.

  • Дүрдэг тестийг шээсээ цэвэр саванд аваад хэсэг хугацаанд дүрж үздэг.
  • Урсгалд үздэг тестийг бие засах үедээ шээсний урсгалд барьж үздэг.

Дээрх хоёр хэлбэрийн тест адилхан боловч хариуг үнэн зөв гаргахын тулд зааврын дагуу зөв хэрэглээрэй. Хэрэв та тестийг эрт үзэж хариу сөрөг гарвал хэд хоногийн дараа дахин үзэх шаардлагатай.Учир нь hCG дааврын хэмжээ жирэмсний эхний үед эрчимтэй нэмэгдэж байдаг.

Эмнэлгийн нөхцөлд тест үзэх
Хэрэв та жирэмсэн болсноо мэдэхээр яарч эсвэл сэтгэл түгшиж байгаа бол аль болох эрт илрүүлэх аргыг хайх болно. Эмнэлгийн нөхцөлд жирэмсэн болсноо аль хэр эрт мэдэж болох вэ? Эмнэлгийн нөхцөлд тухайн эмэгтэйн цусанд hCG дааврийг илрүүлэх шинжилгээг цусанд хийдэг бөгөөд энэ нь шээсэнд үзсэнээс илүү бага хэмжээтэй байхад мэдэрч чаддаг. Хэдий тийм боловч энэ аргаар овуляцийн дараах 6-8 дах хоног хүртэл жирэмсэн болсон эсэхийг тодорхойлох боломжгүй.

Дүгнэлт
Жирэмсэн болсноо тестээр аль хэр эрт мэдэж болох вэ? гэсэн асуултын хариу тестийг гэрийн нөхцөлд үзэх, эмнэлэгт цусанд үзэх зэргээс гадна ямар хугацаанд үзсэн зэргээс шалтгаалдаг.
Хэрэв та гэрийн нөхцөлд хэрэглэдэг тестийг сонговол зааврын дагуу зөв хэрэглэхээс гадна эхний удаад сөрөг хариу гарвал хэзээ давтан үзэж болох талаарх мэдээллийг уншаарай. Харин эмнэлгийн нөхцөлд үзүүлвэл ямар хугацааны дараа давтан үзэж болох талаар эмчээс асуух хэрэгтэй.

 

Сэтгэгдэл бичих