Жирэмсний долоо дахь долоо хоног
Uncategorized  //  1 сэтгэгдэлтэй   //   4504 Уншсан

Таны хүүхдийн өсөлт хөгжил
Энэ долоо хоногт таны хүүхдийн гар хөл мэдэгдэхүйц болж ирнэ. Мөн нүдний зовхи нугалаа хэлбэртэй үүсч эхлэнэ. Нүдний өнгө тодорхой болно. Таны хүүхдийн тархины тал бөмбөлөгүүд томорно. Ясны чөмөг хэлбэрээ олж үүргээ гүйцэтгэж эхлэх хүртэл элгэнд цусны улаан эсийн үүсэл явагдана. Нойр булчирхай, мухар гэдэс үүсч хөгжнө. Гэдэсний гогцоо хөврөлийн хүй рүү товойж гарч ирдэг. Энэ үед таны хүүхэд аньс жимсны дайтай том болсон байна.

Таны биед гарах өөрчлөлт
Таны умай жирэмсэн биш үеийнхээсээ хоёр дахин томордог. Мөн танд сэтгэл санааны тогтворгүй байдал энэ үед илүү тод илрэх болно. Одоо таны цусны эзлэхүүн жирэмсэн биш үеийнхээс 10 хувиар нэмэгдсэн байгаа бөгөөд жирэмсний хугацаа гүйцэхэд 45-50 хувиар нэмэгддэг. Умай томрохын хирээр давсагийг шахаж шээс ойр ойрхон хүрэх шинж илэрнэ.

Дотор муухайрах шинж илэрдэг эмэгтэйчүүдийн тал хувьд 14 долоо хоногтой болоход энэ шинж тэмдэг багасч арилдаг.

Жирэмсний хяналтын тухай гурван асуулт
Дараагийн хэдэн долоо хоног бол жирэмсний анхны үзлэгт ороход хамгийн тохиромжтой үе байдаг. Сайн жирэмсний хяналт таны хүүхдэд эрүүл амьдрал бэлэглэхэд туслаж чадна.

Жирэмсний анхны үзлэгт очихдоо юу бэлдэх вэ?
Өөрийн хэрэглэж байгаа болон хэрэглэж байсан эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, ургамалын бэлдмэлийн жагсаалт. Мөн эрүүл мэндийн карт, урд нь өгч байсан шинжилгээ, хийлгэж байсан эмчилгээний талаарх баримтуудаа авч ирнэ.
Хуанли дээрээс өөрийнхөө сүүлийн биений юм ирсэн өдрийг эргэж хараарай. Эмч энэ хугацааг ашиглаж таны хүүхдийн төрөх хугацааг тооцолдог. Хэрэв мартсан юмуу биений юм тогтворгүй ирдэг бол санаа зовох хэрэггүй. Сүүлийн биений юмны хугацааг тогтоох боломжгүй бол хэт авиан шинжилгээгээр жирэмсний болон төрөх хугацааг тогтоох боломжтой.
Өөрсдийн гэр бүлийн эрүүл мэндийн талаар мэдээлэлтэй болоорой. Танай аав ээжүүд болон цусан төрлийн ах дүү нарт хромсомын болон удамшлын эмгэгтэй хүн байдаг талаар мэдэх хэрэгтэй. Эмч таниас энэ тухай асууж тодруулах бөгөөд шаардлагатай бол жирэмсний үед зарим шинжилгээ өгөхийг зөвлөх болно.

Жирэмсний эхний үзлэгээр юу илрүүлэх вэ?
Эмч таниас ямар нэгэн зовиур байгаа эсэх, биеийн болон сэтгэл санааны өөрчлөлт мэдрэгдэж байгаа эсэх талаар асуух болно. Мөн танд сэтгэл зовоосон асуудал болон ямар нэг асуулт байгааг асууж харилцан ярилцна.

Жирэмсний үзлэгийн гол зорилго бол таны жирэмсний явц хэрхэн явагдаж байгааг хянах таны болон таны хүүхдийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаар хэрэгтэй мэдээллээр хангах явдал юм. Эмч эсвэл сувилагч таны жин, өндөр, цусны даралт зэргийг үзэж цус, шээсний шинжилгээ авна. Жирэмсний хожуу хугацаанд бол хэвлийн тойрог, умайн ёроолын өндрийг хэмжиж таны хүүхдийн байрлал, зүрхний цохилт зэргийг тодорхойлохоос гадна хүндрэлийн шинж тэмдэг илэрвэл шаардлагатэй нэмэлт шинжилгээ хийж зохих арга хэмжээ авна.

Үзлэгийн төгсгөлд эмч танд үзлэгээр илэрсэн өөрчлөлт түүний хэвийн байдлын тухай тайлбарлаж дараагийн үзлэгт хэзээ ирэх болон танд илэрч болох анхаарал татсан шинж тэмдэгүүдийн талаар зөвлөгөө өгнө.

Манай гэр бүлийн хүн цуг очиж болох уу?
Мэдээж болно. Зарим хосууд жирэмсний үзлэгт хамт очихын ач тусыг мэддэг. Ялангуяа анхны үзлэгт очиж байгаа бол хэт авиан шинжилгээгээр өөрийн хүүхдийг харах хамгийн сэтгэл догдлуулсан мөчүүдийн нэг байдаг.

 

1 сэтгэгдэлтэй “Жирэмсний долоо дахь долоо хоног”
  • oogii -

    hamgiin ertdee heden sartaigasa huis ni todorhoilogdoh bolomjtoi bol